news.mn tender.news.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Share |
Үнэлгээний хороо хууль зөрчсөн шийдвэр гаргажээ 2011 оны 6 сарын 28

Тендер тендер тендер... Дагаж мөрдөх бие даасан хуультай ч шударга болдог нь эргэлзээтэй, ээдрээтэй. Үнэлгээний хороо гэгч нууцлагдмал бүрэлдэхүүн ямар шийдвэр гаргаж байгаа нь олон нийтэд төдийлөн ил тод байдаггүй болохоор хуудуутай сонголт хийгдэх нь ч бий. Үүний нэгэн тод жишээг харуулсан гүүрийн тендерийн шалгаруулалт дээр Үнэлгээний хороо хууль зөрчсөн шийдвэр гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Орхон голын 235,2 урт метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх тендерийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд зарласан байгаа юм. Тендерийн баримт бичигт оролцогчдоос тавих үндсэн шаардлагыг бичсэн байдаг ба үүний дагуу компаниуд тус тендерт оролцох эсэхээ шийддэг учиртай. Дээрх гүүрийн тендерийн оролцогчдод 150 урт метр гүүрийн барилгын ажил гүйцэтгэсэн байх гэсэн шалгуур үзүүлэлт тавигдсан нь олон компанийг тус тендерт оролцохоос татгалзахад хүргэжээ. Сүүлийн гурван жилд Монгол Улсын хэмжээнд ийм хэмжээний гүүрийн барилгын ажил төдийлөн хийгдээгүй төдийгүй авто зам барилгын компаниудаас уг шалгуурт тэнцэх нь ховор аж. Тиймдээ ч цөөхөн компани тендерт саналаа ирүүлсэн нь “Ган гүүр”, “Бээрэн” болон “Эрин интернэшнл” компани ажээ. Эдний дундаас “Эрин интернэшнл” нь зам барилгын компанийн бүлд хамгийн сүүлд орж ирсэн цоо шинэхэн нь. Олон жил үйл ажиллагаа явуулсан бусад компани ялна гэдэгтээ итгэхгүй уг тендерт оролцохоос татгалзаж байхад цоо шинэ компани ийм том гүүрийн барилгын ажлыг хийж чадах уу гэсэн эргэлзээ ч салбарынханд нь байгаа юм. Тэгвэл оролцогчдын аль нь ч урьд өмнө нь 150 урт метр гүүрийн ажил гүйцэтгээгүй байтал энэхүү зам барилгын салбарт туршлагагүй цоо шинэ компани “Эрин интернэшнл”-ийг ялагчаар тодруулсан шийдвэрийг Үнэлгээний хороо гаргажээ.

Тендерийн баримт бичгийн 23 дугаар хуудсанд ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоог оруулахдаа “Сүүлийн гурван жилд буюу 2008-2010 онд нэг удаа 1,5 тэрбум төгрөгөөс багагүй үнийн дүнтэй буюу 150-иас дээш урт метртэй төмөр бетон гүүрийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх” гэжээ. Мөн “Хэрвээ өмнө нь ийм ажил хийж байгаагүй ч яг одоо дээрх үнийн дүнтэй ажил гүйцэтгэж байвал, гүйцэтгэл нь 70 хувиас бага бол тендерийн үнэлгээнд харгалзаж үзэхгүй” гэсэн байна. Товчхондоо бол оролцогчдын аль нь ч энэ шаардлагыг хангаагүй. Харин “Бээрэн” компани нь өмнө нь жижигхэн хэмжээний хоёр гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан бол “Ган гүүр” нь энэ салбарт олон жилийн туршлагатай компани гэдгийг салбарынхан нь мэднэ. Тендерийн ялагч болох “Эрин интернэшнл”-ийг УИХ-ын гишүүн асан Я.Эрхэмбаярынх гэдгээр олон хүн мэдэх боловч зам барилгын ажилд туршлага нимгэн тухай салбарынхан нь хэлж байгаа. Тендерийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд зарласан бол компани гуравдугаар сарын 2-нд тусгай зөвшөөрлөө авч байжээ. Тэгэхээр тендерийн баримт бичгийн “2008, 2009, 2010 оны аль нэгэнд 150 урт метр гүүр барьсан байх компани оролцоно” гэсэн заалтад нийцэхгүй байгаа юм. “Эрин интернэшнл” замын салбарт орж ирэхдээ “Дархан АЗЗА” төрийн компанитай хүч хавсарч байгаа сураг бий. Гэхдээ энэ компани ч мөн өмнө нь ямар нэгэн гүүрийн барилгын ажил гүйцэтгэж байгаагүй юм  байна.

Тус тендерийн үнэлгээний хороог Авто замын газрын дарга Б.Энхтөр тэргүүлсэн бөгөөд салбарынхаа том тендерийн сонгон шалгаруулалтад ийм шийдвэр гаргасан нь бусад компанийн эгдүүцлийг хүргэжээ. Одоогийн байдлаар “Эрин интернэшнл” улсын төсөвт 3,75 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх мэдэгдэх хуудсаа аваад байгаа ба тун удахгүй гэрээгээ хийхээр зэхэж байгаа гэнэ. Тус гүүрийг барихад энэ онд 225 сая төгрөг төсөвт суулгасан ба гүүрийн барилгын ажил 2013 он хүртэл үргэлжилэхэд жил бүр улсын төсөвт зардлыг нь тусгахаар болжээ.

Энэ онд Хэнтий, Сэлэнгэ, Завхан зэрэг аймагт хэд хэдэн том гүүр барих ажлыг төлөвлөж, төсөвт зардлыг нь тусгасны дагуу тэдгээрийн тендерийг Авто замын газар зарласан. Хэнтий аймгийн Баян-Овоо суманд Хэрлэн гол дээр гүүр барих тендер зарлахад ялагч тодроогүй байна. “Бэрх зараа”, “Ган гүүр” компани оролцоход өмнө нь 75 урт метр гүүр барьсан байх шаардлага тавьсныг аль нь ч хангаагүй байна. Зарласан тендерт ялагч тодроогүй бол хүчингүй болгож, ахин зарлах ба ахиж зарласан тендерт зарим шалгуур үзүүлэлтийг бууруулах зарчимтай. Үүний дагуу дээрх тендерийг ахин зарлаж, оролцогч компаниудад өмнө нь 75 урт метр гүүрийн ажил гүйцэтгэсэн байх заалтыг хассан байгаа юм. Зүй нь бол тендер зарлах явц нь ийм. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Орхон голын 235,2 урт метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх тендерийг ийм байдлаар ахин зарлаж болох байсан ч шалгуурт тэнцэхгүй компанийг ялагчаар тодруулсан нь хачирхалтай.

Б.СҮРЭН



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Share |
Сэтгэгдэлийг ачаалж байна...
ШИНЭ ЗАРЛАГДСАН ТЕНДЕРҮҮД